Ломбардны үйл ажиллагааг зохицуулах хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Энэхүү хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг санхүүгийн мэргэжлийн оролцогч болгон чадавхжуулах, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийг өндөр хүүтэй мөнгө хүүлэлтийн хохирогч болохоос сэргийлэх, хулгайн эд зүйлсийг барьцаалан зээл авах үйлдлийг бууруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй эсэхийг шалгаж, зээлийн хугацаа, хүү, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж үйлчилгээ авах, харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлгүй иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахгүй байх нь аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

 
Эх сурвалж: www.eagle.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.